Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар “Музей хичээл”-ийн хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хүрээнд музейн хичээл, хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн тухайд Чингис хаан Үндэсний музей, Их засаг лицей сургуультай хамтран “Чингис хааны байлдан дагуулал, үр дүн” сэдвийн хүрээнд нэг сарын хугацаанд дөрвөн удаагийн төсөлт хичээлийг зохион байгууллаа.
Төсөлт хичээл нь ахлах ангийн сурагчдыг судалгааны арга зүйд сургах, шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэх, бие даан бүтээлчээр эрэл хайгуул хийх, багаар ажиллах чадварт суралцуулж мөн эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой.
Музейн төсөлт хичээлийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд 10 дугаар ангийн 45 сурагч 12 багт хуваагдан “Рашаан хад”, “Гүюг хааны тамга”, “Байлдааны хэрэгсэл”, “Чингисийн чулууны бичиг” гэсэн дөрвөн үзмэрт тулгуурлан түүх, газарзүй, технологи, монгол хэл бичиг, уран зохиол, нийгэм судлал, дүрслэх урлаг, физик, англи хэл гэсэн 8 судлагдахуунаар судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулж, нэгтгэн дүгнэн хэлэлцүүлэв.
Өнөөдөр төсөлт хичээлийн 2 дугаар шатанд шалгарсан 6 баг судалгааны үр дүнгээ танилцуулан хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Соёлын яам, нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, ИЗЛС-ийн удирдлага, багш нар, музейн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, боловсрол хариуцсан мэргэжилтэн, эцэг эхийн төлөөлөл оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Их Засаг лицей сургууль нь музейн хичээлийг 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын музейтэй хамтран зохион байгуулж байсан.