Намайг Гантулгын Мөнхзул гэдэг. Миний бие 2002 онд Их Засаг лицей сургуулийн 10а ангийг Т.Оюунтуяа багшийн удирдлага дор сургуулийн тэргүүний сурагч алтан медаль, Монголын Хүүхдийн ордны Эрдэм алтан медальтай төгсөж байлаа. Тус сургуульд элсэн суралцсан он жилүүд хүүхэд насны минь дурсамж дүүрэн өдрүүд байсан юм.
Сурагч насны минь хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг бол багш нарын баяраар зохиогддог “Сурагч багш” өдөрлөг байсан. Тэр өдөр би сургуулийнхаа захирал багш болно гэж зүүдлээ ч үгүй явж билээ. Сургуулийн бага, дунд, ахлах ангийн бүх сурагчид намайг “Захирал багш аа” гэж дуудаад л Ж.Цэцэгмаа захирлынхаа өрөөнд түүний суудал дээр сурагчдын дунд зохиогдох ажлуудыг төлөвлөж суусан цаг хугацаа хамгийн гайхалтай.
Сургуулийн Урлагийн их наадам зохиогдсон тэр жил манай лицей сургуулийнхан Их Засаг дээд сургуулийнхаа ах эгч нартай мөр зэрэгцэн дуу хуур, бүжиг, уран уншлага, найрал дууны төрлүүдэд амжилттай оролцож алтан медаль авч сургууль шилжин явах цомоор шагнуулж байсан юм. Тэр урлагийн наадмын хөтлөгчөөр мөн сургуулиа төлөөлж уран уншлагын төрөлд алтан медаль авч байсан маань мөн л хамгийн сайхан дурсамж юм.
Түүхт 20 жилийн ойн баяраар Их Засаг сургуулийнхаа үүсгэн байгуулагч Н.Ням-Осор, Ж.Цэцэгмаа захирлуудыг дурдах нь зүйтэй юм. Энэ хүмүүсээс би сайн аав ээж байх, хүчирхэг удирдагч байх, хүний хүмүүжилд яаж анхаарах, хариуцлагатай байхыг үлгэрлэн дуурайж, хичээж явдгаа нуухгүй ээ. Миний анги удирдсануран Т.Оюунтуяа монгол хэл зохиолын багш, мөн айлын том охин болоод ч тэр үү бидэнд амьдралд тэвчээртэй байх, зөв байх тухай бүгдийг зүйр үг, сургамжит өгүүллэгээр ойлгуулдаг байсан. Одоо ч манай ангийнхан уулзах бүртээ багшийн сургаал үгс бол амьдралын чин үнэн болохыг ярилцаж суудаг билээ.
Би энэ сургуулиасаа амьдралынхаа хамгийн сайн нөхдөө олсон. Манай ангийнхан, миний найзууд бүгд өнөөдөр амжилттай сурч ажиллаж байна.
Цухас дурдвал: С.Мөнх-Уянга Хас банкинд зээлийн эрсдэлийн шинжээчээр, Жавхлантөгс USA San Francisco Mills college financial information systems and application administrantir, Золмандах USA Florida-д 15 жил ахлах нягтлан бодогчоор, Түмэнжаргал ахлах нягтлан бодогчоор, Уянга Австралид ажиллаж амьдарч байна.
Манай сургууль бидэнд эрдэм мэдлэг – боловсролтой хүн, соёл урлаг – мэдрэмжтэй хүн, спорт – тэвчээртэй хүн байх бүх зүйлийг хичээнгүйлэн заасан билээ.
Бидний сурах их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан нийт багш нартаа баярлалаа. Би төгссөн сургуулийнхаа нэрийг сэвтээлгүй явах Их Засагийн эд эс нь юм. Нийт Их Засагчууд болон ангийн хамт олондоо түүхт 20-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.